Бурханы шашин : Архины тухай сурвалжлахуй

Архины тухай сурвалжлахуй

Шалдан хүүхнүүд ууваас
Шуламс төрөхийн муу ёр.

Банди хөвгүүд ууваас
Бурхан таалаагүйн муу ёр.

Номын садангууд ууваас
Нохойн бөөлжис долоох муу ёр.

Хаан хүн шунгалж ууваас
Хаалга эвдрэхийн муу ёр.

Эхнэр хүүхнүүд их ууваас
Энгэр задгайрах муу ёр.

Эдээ зарж их ууваас
Эргүү мунхгийн муу ёр.

Харанхуй шөнөөр их ууваас
Хагацал даллах муу ёр.

Одтой шөнөөр их ууваас
Оюун доройтохын муу ёр.

Бэлэвсэн эмтэй хувааж ууваас
Бие тасрахын муу ёр.

Харанхуй шөнөөр хэсэж ууваас
Хагацал үзэхийн муу ёр.

Газар тавьж их ууваас
Гай даллахын муу ёр.

Хүүрийн газар хүрч ууваас
Хүний гай дагахын муу ёр.

Хогийн дэргэд их ууваас
Хорлол болохын муу ёр.

Онь хөтөлд сууж ууваас
Осгож үхэхийн муу ёр.

Ганц модны дэргэд ууваас
Гаслан гунигийн муу ёр.

Шилний амсраас их ууваас
Шуламс дагах муу ёр.

Хадан дээр сууж ууваас
Хагацал амсахын муу ёр.

Үүрийн шөнөөр дуулж ууваас
Үхдэл даллахын муу ёр.

Зүүн хойш харж ууваас
Зүүд зөн муудах муу ёр.

Хулгана өдөр их ууваас
Хувь заяа доройтохын муу ёр.

Тэрсүүд өдөр их ууваас
Тэмцэл гарахын муу ёр.

Бараан өдөр их ууваас
Их эндүү гарахын муу ёр.

Шарилын идээний архи хүртвээс
Шаналан зовохын муу ёр.

Улай үзэж их ууваас
Уй гаслангийн муу ёр.

Шороон хулгана өдөр уувал
Шоронд орохын муу ёр.

Модон хохимой өдөр уувал
Морио алдахын муу ёр.

Эрдэнэт хүлгээ зодож ууваас
Эрхтэн хугарахын муу ёр.

Эхнэрийн цээжийг дэлсэж ууваас
Эдийн гарзын муу ёр.

Шар, хонио зарж ууваас
Шалзарч түлэгдэхийн муу ёр.

Цагаан тарвага алж ууваас
Цаашид үхэхийн муу ёр.

Гүн жалганд орж ууваас
Гасланд унахын муу ёр.

Гутарч гунихарч ууваас
Гуйранч болохын муу ёр.

Гал дөл шиг бадарч ууваас
Гасланд унахын муу ёр.

Хэм хэмжээг барьж ууваас
Хэрэг бүтэхийн хэргийн ёр.

Үнэгэн харанхуйгаар ууваас
Үхэл даллахын муу ёр.

Сэтгэл муутантай ууваас
Сэтгэл эвдрэх муу ёр.

Хорлох жилтэнтэй ууваас
Хорлол ирэхийн муу ёр.

Шид бямба гарагт үхсэн
Шид үйлийн гай таарч
Бие барсан нэгэн хүмүүний
Бэлэвсэн эхнэртэй ууваас
Бие тасрахын муу ёр.

Хоёр хадан хошууны
Хооронд сууж ууваас
Гэмтэж бэртэхэд
Гэм согог үүсэхийн муу ёр.

Усанд ам гарч ууваас
Усанд живэхийн муу ёр.

Шороон дээр тавьж ууваас
Шалтаг ирэхийн муу ёр.

Увш сахилт ууваас
Уйтан тамд унана.

Гэцэл сахилт ууваас
Гэрэлгүй тамд унана.

Гэлэн сахилт ууваас
Гэмшлийн далайд унана.

Шашны хуврагууд ууваас
Шашин эвдрэхийн муу ёр.

Тэнэгийн дохио архи
Тэнэхийн үйл архи
Гэм бүхний эх архи
Гэмшил бүхний эх архи

Архинд дурласан бүхэн
Ариун номын садан биш.

Өвсний шүүдэр шиг ууваас
Өнгө жавхаагүй гэрлүүд үзэгдэн
Бурханы номноос холуур
Буяны үйлнээс цаагуур
Бурхадын нүднээс хол яв гэж
Бурхан багшийн хэлсэн үнэн
Буруугүй үнэнийг заасан үнэн

Амин зүрх зогсох хүртэл
Амин нас дуусах хүртэл
Шуламсын энэ идээг
Шуналын энэ хорыг
Нэгэн насаар тэвчиж үз!
Нүгэл гэмийг тэвчиж үз!

Хорлох дайсан архи
Хонзогнох үйл архи
Уурын мунхаг архи
Ухааны согог архи
Хилэнцийн үйл архи
Хэрүүлийн үүд архи
Шуналын хүсэл архи
Шулмын идээ архи
Хорт үгийн гай архи
Хорлолын далай архи
Тачаалын үүд архи
Тэнэхийн салхин архи

Цэнгээх сэтгэлийн идээ
Цалгай сэтгэлийн идээ
Буяны хишиггүй идээ
Бурханы хайргүй идээ

Савангийн хөөс шиг хөнгөн
Салхины хүч шиг хуурамч.

Үүлэн чөлөөний нар шиг халуун
Үзэгдэх зэрэглээ шиг хуурамч.

Эрдэнэт хүний дайсан.
Эрүүл ухаанд дайсан.

Сархадын амтыг тэвчье.
Самуун үйлийг тэвчье.
Буяны үйлэнд сүжиглэе.
Бурханы авралд залбиръя.


Судрын нэгэн сургаалаас
Сугалан авч энд буулгав.
start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Эдгэрэгч (зочин)

Архи бол амьдралыг минь хорлосон хордуулсан муу муухай буруу зүйлийг хийхэд хүргэсэн. Би архи уугаад олон буруу зүйл хийж байсан. Архи бол бүх зүйлийг дэвэргэж хархад хүргэдэг. Бас айлгүйтэж нөхрөөсөө өөр хүнтэй унтхад хүргэсэн. Согтуудаа хүн юу ч хийхээс буцахгүй. Нэг удаа би бүр 2 найзтай зэрэг унтсан байсан. Би өөрийгөө үзэн ядаж байна. ахиж архийг огт хэрэглэхгүй.

Эдгэрэгч (зочин)

Би амьдралынхаа төлөө зүтгэх хичээх хэрэгтэй байна. Гэтэл би юун архи вэ юу уугаад юу хийгээд яаваад байгаа юм бэ. Хувь хүнийхээ хөгжилд анхаарах хэрэгтэй байна.

зориг (зочин)

архи амьдрал биш гайл байна. бүү дахин хэрэглээрэй монголчуудаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)