Бурханы шашин : Үлгэрийн далай нэрт судраас

Үлгэрийн далай нэрт судраас



БАТ СЭТГЭЛТ АРСЛАНГИЙН ТАВЬДУГААР ЗҮЙЛ

Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн бурхан хааны балгас дахь Гандаригуд ууланд суун авай. Тэр цагт Дэвадад Бурхан багшид насан туршдаа муу санаж “Өдгөө үүнийг үгүй болгоод Дэвадад бурхан болой хэмээн алдаршсугай” хэмээн сэтгэж Ачитасадару хан хөвгүүнд өгүүлрүүн:
-Ай хаан аа, чи эцэг юүгээ алаад хаан оронд сууваас сайн ажгуу. Шинэ бурхан ба шинэ хаан хоёр улсын төр ёсыг сайтар засаж сууваас сайн болмуй. Төдий Ачитасадуру хаан түүний үгээр эцэг юүгээ алаад хааны оронд суув. Тэр цагт тэр улс дахь хамаг хүн аяга тахимлагуудыг үзвээс үл таалах болов. Хойно нэгэн цагт аяга тахимлагууд балгаст бинавад (өглөг) гуйхаар одвоос улс дахь хамаг хүн хилэгнэж, юун бээр эс өгсөнд бадар аяга юугаа хоосон авч ирэв. Төдий тэдгээрт аяга тахимлаг Гандаригуд ууланд одоод бурханаа ийн хэмээн өчив:
-Бурхаан, Дэвадад нь хамаг өглөгийн эздийг нүгэлт үйлд оруулж аяга тахимлагуудыг үл таалан бинавад эс өгөв хэмээн өчвөөс бурхан Анандад зарлиг болов.
-Ананд аа, зарим амьтан улбар дээл өмссөн аяга тахимлагуудад муу сэтгэл үүсгэвээс нөхцсөн бурхан ба брадигабуд ба дайснаа дарагсдад муу сэтгэл үүсгэсэн болой. Ирээдүйд ирэх цагийн бурхан ба брадигабуд ба дайснаа дарагчид муу сэтгэл үүсгэсэн болой. Тэр мэт гурван цагийн хутагтдад муу сэтгэл үүсгэвээс тэр нүглийн ач үр сэтгэж баршгүй болой. Тэр юуны тул хэмээвээс номт дээл нь гурван цагийн ялгуугсдын дуаз туг буюу. Аливаа хүн сахал үсээ тайлж, будсан номт дээл өмсвөөс тэдгээр нь өнө үл удан хамаг зовлонгоос маш тонилоод цувиралгүй билэг билгийн олж хамаг амьтны ивээл, аврал болюу. Аливаа амьтан тойн болоод будсан номт дээл өмсөгсдөд хэн хүн бишрэл үүсгэвээс цаглашгүй буяныг олюу. Ананд аа, би бээр урьд будсан номт дээлт тойдод бишрэлт сэтгэлээр хүндэлсний ачаар илт туулж бурхан боллоо хэмээн зарлиг болсонд Ананд өчрүүн:
-Бурхаан, эрт урьд будсан дээлт тойдыг хир хүндэлсэн шалтгааныг номлон соёрх, сонссугай би хэмээхэд бурхан зарлиг болруун:
-Ананд аа, сайтар сонсоод ойндоо тогтоотугай, чамд номлосугай би.
Ананд аа, эрт урьд нөгчсөн цагт цаглашгүй, тоо томшгүй галвын урьд энэ Замбу тивд Таши хэмээх нэгэн хаан бөлгөө. Тэр хаан нь найман түмэн дөрвөн мянган өчүүхэн хаадыг эзлэгч буюу. Тэр цагт ертөнцөд бурханы номгүй, брадигабудын номгүй болой. Уул ба ойд агсад брадигабуд бээр огторгуйд одоод амьтнаа туслахуй тэр цагт гөрөөс бээр тэр брадигабудыг хүндэлюү. Тэр цагт биеийн үс нь алтан өнгө мэт маш гилбэлэгч Бат сэтгэлт хэмээх нэгэн арслан ууланд суугаад жимс ба өвсийг идэж, амьтнаа хор үл хиймүй. Нэгэн гөрөөч хүн түүнийг үзэн маш баясаад:
-Өдгөө би маш жаргах ажгуу. Энэ арсланг алаад хаанд өргөвөөс надад магад их өглөг өгмүй. Би бээр баян болмуй заа хэмээн сэтгээд сахал үсээ тайлж номт дээл өмсөөд нум сумаа сугандаа нууж арслан хаа бүхүй тэнд одсонд арслан унтсаныг үзээд тэр хүн довтлохуйд номт дээл өмссөн түүнийг үзээд арлсан ийн хэмээн сэтгэрүүн:
-Энэ хүн нь ертөнцөд үл оршмуй заа. Үтэр бөгөөд хамаг зовлонгоос машид тонилмуй. Тэр юуны тул хэмээвээс будсан энэ дээл нь нөхцсөн ба ирээдүй ба өдгөөгийн хамаг хутагтны дуаз бүхүйн тул би үүнд хор хийвээс гурван цагийн хутагтанд хор хийсэн буюу хэмээн сэтгээд алахуй сэтгэлийг тавьж хорт сум туссанаар аминаас ангижрахуй цагт хүрсэнд “Жа ла ла ба са ша суухаа” хэмээн өгүүлээд сац хотол огторгуй, газар хөдлөөд үүлгүй бөгөөтөл хур оров. Тэнгэрсүүд тэнгэрийн нүдээр шинжлэн үзвээс ертөнцөд арслангийн ёсоор суусан бодисадуаг гөрөөч хүн алсныг үзээд төдий огторгуйгаас тэнгэрсийн эдийн цэцгүүдээр хур оруулаад арслангийн хүүрийг тахив.
Тэр хүн нь арслангийн арьсыг өвчиж аваад одож Таши хаанд өргөөд өглөг ирвээс тэр хаан ийн сэтгэрүүн:
-Судар бичигт алтан өнгөт үст адгуус нь магад бодисадуа бөгөөд их Богд төрөлхтөн буй хэмээн сонслоо. Ийм хүнд юуны тулд өглөг өгмүй. Хэрвээ өгвөөс би алсан лугаа адил болмуй хэмээн сэтгэмүй. Бас тэр хүн гуйлга ирсэнд хаан тэр хүнд өчүүхэн өглөг өгөөд тэр хүмүүнд ийн хэмээн өгүүлэв.
-Энэ арсланг алахуй цагт ямар бэлгэ болов хэмээн асууваас тэр хүн өгүүлрүүн:
-Тэр арслан үхэхүй цагт “Жа ла ла ба са ша суухаа” хэмээх найман үсгийг өгүүлээд сац огторгуй, газар хөдлөөд үүлгүй бөгөөтөл хур оров. Тэнгэр нар бээр цэцгийн хур оруулав хэмээн өчвөөс хаан түүнийг сонсоод маш үл баясан, сүсэг бишрэл төрж түшмэл ба хуучдыг, мэргэч мэргэн өвгөдийг хурааж арслангийн өгүүлсэн үсгийг асууваас нэгээхэн хүн бээр ч эс мэдэв. Нэгэн аглаг газарт мэргэн ухаант Саман нэрт орших бөлгөө. Хаан тэр аршийг залж ирээд түүний утгасыг асууваас арш ийн хэмээн өгүүлрүүн:
-“Жа ла ла” хэмээхийн утга нь ямагт үсээ тайлж, будсан номт дээл өмссөн хүн төрөх үхэхээс үтэр тонилов хэмээн өгүүлсэн буюу. “Ба са ша” хэмээх утга нь үсээ тайлж, будсан номт дээл өмссөн бүгдээр хутагтны билэг бөгөөд нирвааны хутаг лугаа ойртсон буюу хэмээсэн бөлгөө. “Суухаа” хэмээхийн утга нь үсээ тайлж, будсан номт дээл өмсвөөс тэнгэр хүмүүн ба хамаг ертөнц дахинаа хүндлэгдэх утга буюу.
Тэр цагт тэр арш түүний утгасыг дэлгэрэнгүйеэ өгүүлсэнд хаан маш баясан найман түмэн дөрвөн мянган өчүүхэн хаадыг хураагаад долоон эрдэнэсээр өндөр тэрэг хийж арслангийн арьсыг түүн дээр тавиад хамаг бүгдэд үзүүлээд, хүж ба цэцгүүдээр тахиж мөргөв. Тэндээс алтан авдар үүдэж тэр арслангийн арьсыг түүний дотор тавьж суварганд оршуулав.
Тэр цагт тэдгээр буяныг сэтгэгч хамаг хүн хойно төрөл егүүтээд дээд язгуурт тэнгэр болон төрөв. Ананд аа, тэр цагийн тэр учир дахь тэр арслан нь будсан номт дээлт хүнд буянт сэтгэл үүсгэсний тул арван түмэн тоотон галав болтол ямагт Загарвардийн хаан болон төрж, хамаг амьтнаа жаргаланг өгч буяны үндсийг үйлдэж илт туулаад бурхан боллоо.
Тэр цагийн тэр учир дахь тэр чин бат сэтгэлт арсланг бус хэн гэж үл сэтгэтүгэй. Тэр бээр өдгөө би буюу. Тэр цагийн тэр учир дахь арслангийн арьсыг тахигч Таши хаан нь арван тоот галав хүртэл тэнгэр, хүний манлай болон төрөөд хотол буян үйлдсэн тэр нь өдгөө Майдар бодисадуа буюу. Тэр цаг, тэр учир дахь тэр арш нь өдгөө Шаарийгийн хөвгүүн буюу. Тэр цагийн тэр учир дахь арсланг алагч тэр хүн нь өдгөө энэ Дэвадад буюу. Бурхан ийн хэмээн зарлиг болсонд олон нөхөд маш баясаж бурханаа ийн хэмээн өчив:
-Бурхаан, бид бурханы эрдмүүдийг үл мэдэн бурханы өмнө гэмт үйлсийг үйлдвээс Түүнчлэн ирсэн бурхан чиний өмнө наминчилсугай хэмээн өчвөөс бурхан их нигүүлсэхүйгээр дөрвөн үнэний номыг үзүүлсэнд олон нөхөд тус тусдаа урьд шалтгаан лугаа найралдахуй ёсоор зарим нь үргэлжид орсон ба нэгэнтээ харин ирэгч ба дайснаа дарсны хутгийг олов. Зарим нь дээр үгүй бодь сэтгэлийг үүсгэв. Төдий Ананд ба дөрвөн зүйл нөхөд бурханы зарлигийг даган бишрээд илт баясвай.

Оруулсан: М. Үүрийнтуяа
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)