Бурханы шашин : Нарова. Их бандида, цогт Нарова Гянасидхагийн намтраас хураангуйлсан нь
Хувилгаан лагшинт Диловын тааллын манлай дээд хөвгүүн, ханьцашгүй мэргэн бүтээлч цогт Нарова хэмээх энэ дээд төрөлхтөнийг лам, ядам, дагина гурав бодитой туулсан бурхан гэж бошго үзүүлсэн тул амгалан ажирсан бурхан хүмүүн дүрт багшийн ёсыг барьсан нь энэ бөлгөө.
Түүний ёс нь ямар мөн хэмээвэл ариун богд Дилова бээр:
Би болвоос бодит Чакрасамбара,
Шавь минь бодит бурхан
Дээд төрөлхтөн их бандида Нарова хэмээсэн хийгээд
Үл умартахын тогтоолыг эзэмшсэн Нарова
Арван хоёр жилийн турш намайг шүтэв.
Миний онол түүнд буй
Ирээдүй хойч үеийн шүтэгч бодгал бүхэн
Онохыг хүсвэл Нароваг шүт хэмээн айлдав.
Ер бэлгэ чанар төгс багш болгоныг ялгуусны хувилгаан мөн хэмээн сэтгэл итгэмжлэх нь зүйтэй бөлгөө.

Ер бурханы шашинд орсон ёс:
Язгуур нь сэрж, ном бусын үзэгдэл ургалгүйгээр мөнх бусын онол сэтгэлд нь ая зөнгөөрөө мэндэлж, үхлийг даган дурдаж, орлонгийн юмст сэтгэл гансран цаг үргэлжид, ямар ч үед дээдийн номыг санан хэмжээгүй их мэлмийн шүүдрийг унаган бараа бологч, тойрон хүрээлэгсдийн хэнтэй ч уулзсан дэргэд нь зөвхөн үхэл, мөнх бусын тухай айлдаж тэднийг номд ятгах хийгээд ном үйлдэгч бодгалыг үзмэгцээ сэтгэл нь тайтгарч дээдлэн хүндэлж, сүсэглэн бишрэнгүй хандана. Ном бусаар явагч амьтныг үзмэгц үл бишрэн, үл баясан, үл хүндлэх ёсыг зохионо. Цаг үргэлж, ямагт зөвхөн номыг сэтгэлдээ ойр агуулж, гурван эрдэнэд сүсэглэснийхээ хүчээр эцэг, эх хоёртоо ийн хэмээн өчив:
-Би яавч Кашмирын зүг дээдийн номд одсугай хэмээгээд дуулал айлдав:
Тэнгэр бурхан, гурван эрдэнэд мөргөмүй.
Чухаг дээд гурав минь нигүүлсэн ивээ.
Зарлиг сонсогтун, эцэг Шийвийгочоо минь ээ.
Дээдийн ном бус л бол юу үйлдсэн бүхэн
Уршигт зовлонгийн үндэс мөн.
Би энд суулгүй Кашмир зүг номд одсугай хэмээн айлдсанд эх нь хүүгээ тэврэн:
-Хүү минь, тэгж бүү ярь. Эцэг, эх бид хоёрынхоо үгийг сонсож хайрла. Эгэл хүмүүний ёсоор явахыг огт үл хүсвэл адаглаад биднийхээ дэргэд байхтун хэмээх цагт хөвгүүн гэрээс гарч тойн болох зөвшөөрөл гуйсан өвч зөвшөөрөөгүйд эцэг, эх хоёртоо хандан дууллыг ийн айлдав:
Тэнгэр бурхан, гурван эрдэнэд мөргөмүй,
Эх минь, хүү намайгаа хорилгүй номын зүгт талби.
Эцэг эхийн ач их боловч ээж минь ээ,
Бурханы ном бусаар ачийг тань хариулж болшгүй.
Хүмүүн биеийг олох нь бэрх учраас би
Бурханы ном бусыг үйлдэх чөлөөгүй билээ.
Хөвгүүн намайг энхрийлэн тэтгэх сэтгэл байвал
Бурханы номоос бусдаар надад тус болох нь үгүй хэмээгээд Кашмирт морилов. Хамба Намхайдагвын дэргэд сууж гэнэн сахил хүртээд Намхайнямбуу хэмээх алдартай болов. Даяар бүх ухааны орныг сурч эзэмшсэнээр мэргэний туйлд хүрэх болжээ. Ариун богд энэ хүмүүн мэргэн бандида болж гурван жил Кашмирт суугаад арван гурван бандидыг залж, жич нутагтаа залрах цагтаа нутгийнхаа хүн ардад ширваганы хөлгөнд сүслэгчид ширваганы хөлгөний номыг дуу таслалгүй номлон дуурсгаж, бодисадвын номд сүслэгчид бодисадвын номыг дуу таслалгүй номлон дуурсгаж, нууц тарни, очирт хөлгөний номд сүслэгчид очирт хөлгөний номыг дуу таслалгүй номлон дуурсгах, бас бус дуу хийгээд шалгуур ухаан тэргүүтэн өөр өөрийнх нь алин хүссэн номыг дуу огт таслалгүйгээр номлон дуурсгавай. Тийн номын дууг үргэлжид дуурсгасанд тэр улсад даяар бүх хөлгөний ном мандан дэлгэрэх болов.

...Санжайжав хамба хийгээд Иш-Од ловон хоёроос гэцэл сахилыг хүртэн Санжай-Иш хэмээх алдартай болов. Гэцлийн санваартай болсон ч гэлэнгийн санваар авахгүй бол санваарт бүрэн оршоогүй мөн хэмээн таалаад ангид тонилохуйн санваарыг гүйцээж гэлэн сахил хүртэхэд ангаж хатан энэлсэн хүмүүн усыг хүсэхтэй адил тунгалаг сүсэг буйн шалтгаанаар Кашмирын Пунад залрав.
Гэлэнгийн санваарыг хүртэн гэлэн Чойжийжанцан хэмээх алдартай болов. Дараа нь дээд орон Пулахарид морилж очоод номлол бүтээлийн шашныг мандуулан дэлгэрүүлсэн бөгөөд тойрон хүрээлж гэлэн хувраг хэмжээлшгүй ихээр цуглав. Тэдгээр бүхэнд эрдэм төрөх ёсон нижгээд нижгээд төрөөгүй хүмүүн гараагүй бөгөөд заримд нь анхааран авлага хийгээд онол ургаж, зарим нь зөн билэг хийгээд рид хувилгааныг олж, зарим нь ухааны таван оронд суралцан туйлд нь хүртэл айлддаг болов. Тэр цагт бүхий л зүгт яруу алдар нь түгсэн бөгөөд бурханы шашныг үнэнхүү барьж мэддэг дээд төрөлхтөн байна хэмээлдэцгээж, алдрыг нь ч Шашныг баригч батагч гэж олонд алдаршуулав. Тэр цагт цогт Наландарын хийдэд бурханы шашныг мандуулан дэлгэрүүлж оршин суужээ.

Ялангуяа очирт хөлгөний шашинд орж дамжлага зэндмэнэ эрдэнийн дэгсдүүллийг шинжилсэн ёс
Ариун богд Очир егүзэр эх бээр дээдийн шид бүтээлд найруулах хийгээд шимт утгын шашныг дэлгэрүүлэхийн тулд Ариун богд Диловын дэргэд ятгалгын дохио үзүүлэн ирэв. Цогт Жигмэддагва бээр Наландарын сүмд нарны эсрэг харж суугаад дуу шалгуур, эш ухааны судруудыг болгоон онон зохион суусанд судрын дээр аймшигт нэгэн сүүдэр тусмагц эргэн харвал гоо бусын гучин долоон бэлгэ тэмдэг бүхий хөгшин эм зогсож байлаа.
-Чиний үзэж буй эдгээр нь юу вэ? хэмээн асуухад хариуд нь:
-Дуу шалгуур, эш ухааны судрууд байна гэвэл:
-Чи мэддэг юм уу?
-Мэднэ хэмээвэл:
-Үгийг нь мэдэх буюу, эсвэл утгыг нь мэдэх юм уу? гэсэнд
-Үгийг нь мэднэ гэхэд нь тэр эм баярлан хөөрч тонгочин үсчээд таягаа огторгуй өөд өргөн бүжиглэж байв. Тэгэхэд нь “Чингэвэл энэ эм улам их баясах бололтой” хэмээн бодоод:
-Би утгыг нь ч мэднэ хэмээсэнд тэр эм баярлах нь бүү хэл харин бүр уйлж, биеэ сэгсчин таягаараа газар савж байсанд ханьцашгүй мэргэн бүтээлчин их Нарова бандида:
-Би чамд үгийг мэднэ хэмээхэд төдийчинээ баярласан атлаа “Утгыг мэднэ” хэмээхэд төдийлөн үл баясах чинь юу вэ? гэж асуувал эм өгүүлрүүн:
-Чи мэргэн бандида мөний хувьд үгийг мэднэ хэмээн худал хэлээгүйд чинь баярласан юм. Утгыг мэдэхгүй атлаа “Мэднэ” хэмээж худал хэлсэнд чинь дургүйцсэн юм хэмээв.
-Тэгвэл утгыг мэддэг хэн байна? хэмээн асуувал:
-Утгыг миний дүү мэднэ хэмээв.
-Чиний дүү хаана байна? Түүнтэй намайг уулзуулаач хэмээсэнд:
-Чи бүтээлийг үйлдэн соёрхлыг олохтун, уулзах буй заа хэмээгээд солонго замхрах мэт алга болов.
Дараа нь ариун богд Нарова бээр гоо бусын гучин долоон тэмдэгт эмэгтэйг үзсэндээ тулгуурлан гадна ёсоороо орчлонгийн гучин долоон гэм, эргүүг санаж хамаг орчлонг зовлонгийн чанартайд ойлгов. Дотоод ёсоороо ариун бус гучин долоон эдийн чанартай бие мөнх бус бөгөөд эвдрэх чанартайг ойлгов. Нууцын ёсоор ахул гучин долоо хийгээд гучин долоон бодийн сэтгэлийн аньсанд тулгуурлан хамт төрсөн билгүүнийг онохоор байна хэмээн ойлгоод ариун богд Нарова бээр:
Хорвоо бусдын гэмийг атгаглагч
Хорвоо үзэхэд тэсэшгүй гал
Хорвоо балар харанхуй шорон гяндан
Хорвоо гурван хорын гүнзгий шавар
Хорвоо муу заяаны ширүүн давалгаа
Хорвоо шүлсэнд боогдсон хорхой
Хорвоо торон зангилаат чөдөр
Хорвоо шулмын гар дахь шилэн хүзүү
Хорвоо хүсэшгүй нүхний мухар
Хорвоо зэрэглээ хөөх гөрөөс
Хорвоо үйлийн бөх торон зангилаа
Хорвоо будганд наалдсан ялаа
Хорвоо энэ насны саалийн үнээ
Хорвоо төрөх, үхэхийн зузаан хөшиг
Хорвоо үхлийн эзний анч нохойн олз
Хорвоо хавханд орсон гөрөөс
Хорвоо энэрэлгүй харгис анчин
Хорвоо гэтэлшгүй торны хорио
Хорвоо аврал үгүй хавцгай зам
Хорвоо барих, баригдахын захгүй тал
Хорвоо найман номын морины уралдаан
Хорвоо жадны үзүүр дээрх бүжиг
Хорвоо хурц сэлэмний ир
Хорвоо шим үгүй зэгс
Хорвоо танилт үгүй усны саран
Хорвоо эндүүрэн үзэгдэх усны хөөс
Хорвоо усны давалгаа, замхрах манан
Хорвоо хүрсэн болгоныг дарагч хорт могой
Хорвоо тонгорогны ирэн дээрх амтат бал
Хорвоо навч, дэлбээ нь дэлгэрсэн хорт мод
Хорвоо нисваанисын шуугих хорт сум
Хорвоо гэмт хорын мэх
Хорвоо мөнх бус зулын салхи
Хорвоо их амгалант эндүүрэлт зүүд
Хорвоо хөгшрөх, үхэхийн цавчим уулын ус
Хорвоо мэхт нисваанисын шулмас
Бясалгаж, багшийг юунд хайхгүй байх билээ хэмээн зарлиглаад бурхан шүтээн, ном хувь нөхцөл бүгдийг тэвчин цээрлээд “Өдгөө утгыг заагч нэгэн багшийг хайхаар одсугай” гэв.
Наландарын хийдийн таван зуун бандида, өглөгийн эзэн хаан сайд, албатын хамтаар хоолой нийлүүлэн:
Дээд мэргэн цог төгс Жигмэддагва аа!
Үл мэдэгч мунхаг бид чинь
Номын эмч мэргэдээс ангид билээ.
Тиймээс ялж төгссөн Жигмэддагва минь
Биднийхээ тусад сууж хайрла хэмээн соёрхол талбисанд цог төгс Жигмэддагва бээр:
Төрсөн нь үхэж, хурсан нь бутарна,
Хураасан нь барагддаг нь номын чанар
Үхэлгүй нирвааны мөрийг хаанаас олох вэ?
Дуу шалгуур, элдэв шастир хийгээд
Таван ухаанд мэргэн болоод
Далай мэт сав аймгийн үгийг мэдэвч
Бэлгэ төгс багш үгүй болвоос
Ангасны халууныг амирлуулж чадахгүй.
Тантрын аймаг далай мэт билээ
Шимт адистэд, рашааны урсгал
Багшийн адистэд, шид бүтээлээр
Өөрийн үндсийг цэнгүүлж эс үйлдвэл
Рид хувилгаан, эрдэм, зөн билэг тэргүүтэн
Элдэв олон байвч тус нь үл харагдана.
Тиймээс би ямартай ч болов
Хэ базарт тулгуурлан байж
Дээд багшийг шүтсүгэй хэмээлээ...

...Ариун богд Нарова:
Өнөөдрөөс эхлэн би бээр
Их амгалант хүрдэнг юунд үл бүтээх вэ хэмээн айлдаад “Багш ариун богд Диловатай уулзвал аштай юу” хэмээн зүүн зүг рүү хандан олонтаа мөргөж мэлмийнхээ шүүдрийг арчаад засваргүй үнэн бөх бат сүсэг бишрэлээр ариун богд Диловад ахин дахин залбирсаар Арвайн цэцэгт үхээрийн газарт морилон өвсөн гөрмөл барьж суугаад Их амгалантын долоон үсгийг нямбалж хоёр бум хүргэж бошго сонсов.

...Ядам тэнгэр Чакрасамбара энэ бошгыг буулгав:
Цог төгс Жигмэддагва минь,
Би чамайг адисласан бөгөөд
Ариун богд Диловаг олтугай.
Ариун богд багшийг ололгүйгээр
Чи бурханыг хаанаас олох вэ?
Зүүн этгээд зүгт Дилог хай
Дило бол бодит бурхан мөн болно.
Чиний үндсийг гэтэлгэгч багш мөн
Бэрхшээл төвгийг үл ажрахтун хэмээхийг сонсоод цог төгс Жигмэддагва бээр тангаргын энэ дууллыг дуулав.
Ариун богд багш Диловаг
Олж золголгүй бурханыг олохгүйд зарлигласан
Өнөөдрөөс эхлэн хэзээ олохыг хүртлээ
Бие амиа үл анхаарч
Бэрхшээл төвгийг ажралгүйгээр
Бошго үзүүлсэн багшийг юунд үл хайх вэ хэмээн зарлиглаад зүүн зүг рүү хандан олонтаа мөргөж мэлмийн шүүдрээ арчсаар тэр зүгт заларчээ.
...Ариун богд Дилова их, бага бэрхшээлийг эдлүүлэх цагтаа Нарова шавийг номхотгохын тулд эдгээрийг айлджээ.
...Аяа, сонсогтун. Жигмэддагва чи
Хотол ялгалгүй уугуул утга
Атгаг үгүй, хязгаар лугаа хагацсан атал
Атгаг лугаа сэлт чи бээр
Багшийгаа хаанаас олох билээ
...Зургаан зүйл эцэг, эхийн мөн чанар дор
Их нигүүлслийг төрүүлэлгүйгээр
Их хөлгөний мөрд эс оршвол
Тусад нь хайгаад хаанаас олох вэ дээ.
...Бусдыг доорд үздэг аливаа чам мэт
Багшийг хаанаас олох вэ
Их нигүүлсэнгүйн шашны дээр
Эзэнгүй хоосны алхаар
Би-д баримтлахын толгойг эс нүдвэл
Багшийг олно гэж хаанаас байх вэ
...Төрөлтгүй номын чанарын илдээр
Зоригдол үгүй агаарын дотроос
Орчлонгийн үргэлжлэлийг үл тасадвал
Багшийг олно гэж хаанаас байх вэ?
...Гүнзгий увдисын урсгал усаар
Сэтгэлийнхээ атхаг хирүүдийг
Орчлонгоос өөрөө гэтлэн эс угаавал
Багшийг олно гэж хаанаас байх вэ
...Хүсэлд шунан, бас уурлаж
Гурван муу заяанд төрчихөөд
Багшийг олно гэж хаанаас байх вэ
...Илбийн биеийн шуналгүй сумыг
Тод гэрлийн анхаарлын нуманд хөвчлөөд
Би-д барих биеийн ууланд гүйх
Барин баримтлах гөрөөсийг
Алахыг хүссэн анчин би
Маргааш нууранд загас нэхсүгэй...
...Атхагт хүлэгдвэл багш бэрх
Хүслийн эрдмийг даган нэхдэг
Тийн атхагийн энэ загасыг идэхгүй бол
Төрөлтгүй багшийг хаанаас олох вэ,
...Барих, баримтлахын эцэг, эхээс төрсөн
Гурван хорыг алахгүй бол багш бэрх.
...Гурван ертөнцөт орчлонгийн амьтан
Номын чанар мөрийн их гуунд
Тийн атхаг, авьяасын энэ зовлонг
Хурааснаар барагдана, алж орхи...
...Өөрөөс чинь төрж, өөрийг чинь идэх
Атхагийн бөөсийг
Алалгүйгээр багшийг хаанаас олох билээ.
...Сүсэгт шавийн их саванд
Сүсэг бишрэлийн магадлал дотроос нь үүтдэг
Үндэс төгс багшийн дамжлагад шүтэн
Үзлийг онох илдийг далай.
Бясалгал, амгалан тодорхой эрмэг морийг уралдуул.
Явдал, барин баримтлал торон зангилааг тайл.
Үрийн өөрөө тодрох наранд ээ.
Өрөөсөн нүд нэгэн амт олон бөгөөд
Сохор нь үзэлтгүйгээр үзэх
Дүлий сонсошгүйгээр сонсох
Хэлгий нь өгүүлшгүйгээр өгүүлэх
Хазгай нь одох, ирэх үгүйгээр гүйх
Амьсгал тасарсан нь төрөлтгүй даллагыг даллана...

... Ариун богд Дилова бээр шавийн үндсийг номхотгоод айлдсан нь:
-Анхлан хулгана ярт эмэгтэйтэй таарснаас чинь өгсүүлээд өнөөдрийг хүртэл би чамтай бие хийгээд сүүдэр мэт хагацал үгүй байсан билээ. Харин чи намайг заримдаа жингэр, заримдаа загасчнаар, заримдаа анчин, заримдаа эцэг, эхийгээ алагч хилэнцтэн мэт үзсэн ба арилаагүй элдэв олон тэдгээр үзэгдэл чинь муу үйлээр чинь түйтгэрлэгдээд намайг үзээгүй юм хэмээгээд бас:
Сав төгс хир үгүй жавхаатан чи
Ханд дагинасын нууц оронд
Нууц тарнийн зэндмэнэ эрдэнийн
Увдисын сав сая боллоо.
Ханд дагинасын нууцын орон болсон
Дамжлагын зэндмэнэ эрдэнийг барихтун хэмээв.

Арван гурван дохионы утгыг тайлсан нь:
Адистэд авшгийн эх гол нь тасраагүй, бусдаас нэн үлэмж, онцгой нэгэн гол мөрөн, эрдэнэт гаржүдвийн ёсны онцлог болох боловсруулах мөрийн зэндмэнэ эрдэнийн увдисын өрх хөшгийг нээв. Цогт Жигмэддагва бээр мандал өргөн, эргэл мөргөлийг үйлдэж алгаа хавсраад багшдаа хандан “Увдисыг айлтгасугай” хэмээн өчсөнд арван гурван дохиог нэг бүрчлэн эрэмбэ дараатайгаар үзүүлсэнд ариун богд Дилова бээр:
-Нарова аа, увдис айлтгахад авшиг хүртэх нь урд одох хэрэгтэй тул авшгийг хүртээсүгэй. Нэгэн галын дөл хийгээд даавуу, гүнжидийн тос тэргүүтнийг авч ирэхтүн хэмээх зарлиг буулгав.
Дээрх гурвыг өргөсөнд ариун богд Дилова даавуун дээр тос түрхэн тэгш газарт дөрвөн гадсаар тэлээд даавууны нэгэн үзүүрийг Наровад бариулан, нөгөө үзүүрийг өөрөө барьж дөрвөн талаас нь гал асаан шатаасанд шатсан даавууны үнс урдын адил тостойгоо багшралдан даавууныхаа хэлбэрийг алдалгүй үлдэж чанар нь үнс болоод даавууны хэргийг үйлдэж чадахгүй болох цагт ариун богд Дилова бээр:
-Нарова аа, увдисыг ойлгосон уу хэмээн асуув.
Цогт Нарова ч багшийн таниулга хийгээд увдисыг нь гал мэтээр шавийн нисваанисын даавуу мэтийг шатаасанд гадаад орон, бодсыг үнэнд баримтлах нь хоригдож, бод юмсын хэргийг үйлдэж чадахгүй тул орчлонд чинагш үл буцах утганд ухааран, авшгийн утгыг таниад онолын энэ дууллыг өргөв:
Галын дөл мэт авшгийн утга түүгээр
Хуй даавуу мэт тийн атхагийг шатаасанд
Даавууны үйлийг үйлдэхгүй атлаа
Хэрсэн утас нь ч үл доройтон
Урдын адилаар чанар нь үйлийг үйлдэхгүй ч
Тэнгэрийн илбийн бие тодорхой үзэгдэнэ хэмээн айлтгасанд ариун богд Дилова хариуд нь юу ч үл айлдсанд бас өмнөх ёсоор мандал хийгээд мөргөл тахилыг урд талбиж увдисыг айлтгасанд ариун богд Дилова тунгалаг нэгэн өндгөн шилийг үзүүлсэнд цогт Нарова өчив:
-Ариун тангарагт орших болор өндөг мэт шавийн үндсийг башир хуурмаг, заль мэх тэргүүтний хирээр халдаахгүй байх хэрэгтэй хэмээн ойлгов.
Утгыг нь ойлгосон байна гэсэн бодол сэтгэлд нь ургасан ч ариун богд Дилова ойлгосон байна ч гэлгүй, ойлгоогүй байна ч гэлгүйгээр огцом босож одов. Цогт Нарова араас нь даган очсонд ариун богд Дилова эзгүй талд урдын мэт явдал мөрөөр суун байсанд мандлыг урд одуулах үүднээс мөргөл, тахил, эргэл үйлдэж алгаа хавсран увдис айлтгасанд ариун богд Дилова зангидаж орхисон нэгэн утас өгөөд “Үүнийг тайлахтун” гэв. Цогт Нарова зангилааг тайлан мутарт нь өргөсөнд утсыг зөнд нь хаямагц нь мөргөл, тахил, эргэл үйлдээд цогт Нарова бээр “Ойлголоо” хэмээн айлтгасанд:
-Юу гэж ойлгов? хэмээн асуув.
-Өөрийн сэтгэлийг орчлонд хүлдэг зангилаа ертөнцийн найман номын чөдөр тушаанд орсныг тэвчин цээрлээд сэтгэлээ уугуул зөнгөөр нь орхихтун гэсний дохионд ойлголоо хэмээн айлтгасанд ариун богд Дилова юу ч үл айлдсанд урдын адил мандал өргөж, мөргөж тахиж эргэх тэргүүтнийг урд талбиад увдисыг айлтгасанд бас ариун богд Дилова зэндмэнэ эрдэнийг зулай дээрээ тавих дохио үзүүлсэнд цогт Нарова:
-Сансар, нирвааны хүссэн хэрэг гарах зэндмэнэ эрдэнэ багш мөний тул хагацал үгүй оройдоо бясалгах хэрэгтэй хэмээн ойлголоо гэж айлтгасанд ариун богд Дилова ч тэр зэндмэнэ эрдэнийг мэлмийгээ хөдөлгөлгүй ширтэн суух дохиог үзүүлсэнд цогт Нарова:
-Энэ насандаа номын чанарын утгыг үзэхийн тулд махамудрын дээд шид бүтээлийг олоход урвалт үгүй сүсэг бишрэлийн нүдээр багшийн хамаг зохиол явдлыг эрдэмд мэдэхийн дохионд ойлголоо хэмээн айлтгасанд юу ч айлдалгүй өөр нэг газар уруу морилон өмнөх явдал мөрөөрөө оршсонд мандал өргөж, мөргөл тахил, эргэл тэргүүтнийг урд талбиад увдисыг айлтгасанд ариун богд Дилова сав дүүрэн цэвэр хүйтэн усыг хайрлаад:
-Энийг гадна дотногүй уу хэмээх дохиог үзүүлсэнд цогт Нарова ариун усыг ууж “Өөрийн болон бусдын нисваанисын халуун энэллийг увдисны сэрүүн усаар арилгаж үйлдэх хэрэгтэй” хэмээн ойлголоо гэж айлтгасанд өмнөх шигээ юу ч айлдалгүйгээр морилж одов.
Бас цогт Нарова урдын адил мандал, мөргөл, тахил тэргүүтнийг урд одуулаад увдисыг айлтгасанд ариун богд Дилова ч усаар дүүргэсэн олон савыг нэгтгэн нийлүүлж бас тэр ганц савыг олонд хийгээд дүүргэн тавих дохиог үзүүлсэнд цогт Нарова бээр “Нэгэн амтнаас олон гарах учраас олон нь нэгэн амт мөн хэмээн ойлгов” хэмээн өчвөл урдын адил юу ч айлдалгүйгээр өөр нэг газар морилон өмнөх шигээ явдал мөрөөр суун байсанд мандал өргөж, мөргөл тахил, эргэл тэргүүтнийг урд одуулан увдис айлтгасанд бас ариун богд Дилова гурван талт гурвалжин нэгэн чойнжүнг үзүүлсэнд цогт Нарова “Юмс бүгд тийн тонилохуйн гурван үүдний мөн чанартай, төрөлт үгүйгээр ойлголоо” хэмээн өчсөнд урдын адил юу ч үл айлдан өөр нэг газарт залран өмнөх явдал мөрөөрөө оршин байсанд бас цогт Нарова мандал өргөн, мөргөл, тахил тэргүүтнийг урд одуулан увдисыг айлтгасанд ариун богд Дилова дуслын зургаар нэгэн тэмдгийг үзүүлсэнд цогт Нарова “Юмс бүгд номын лагшингийн ганц ширхэг дусал хэмээн ойлголоо” гэж айлтгасанд ариун богд Дилова бас өөрийн зүрхэн тус газар долоовор хуруугаараа заагаад, толгойгоо дохиг дохиг хийн нэгэн дохио үзүүлсэнд цог Нарова “Номын лагшингийн ганц ширхэг дусал түүнийг өөрийгөө хэмээн ойлголоо” хэмээн айлтгасанд өмнөхийн адил юу ч үл айлдан өөр газарт морилон мөнөөх явдал мөрөөрөө оршин суусанд цогт Нарова мандал өргөж, мөргөл, тахил тэргүүтнийг урд одуулан увдисыг айлтгасанд ариун богд Дилова нэгэн могойг зангидаад, могой нь зангилаагаа өөрөө тайлан одох дохиог үзүүлсэнд цогт Нарова “Хорвоог өөрөө гэтлэхэд ойлголоо” хэмээн айлтгасанд бас ариун богд Дилова юу ч үл айлдан хэлгий мэт суух дохиог үзүүлсэнд цогт Нарова бээр “Онолын анхаарал, амсуурга өгүүлшгүй хэмээн ойлгов” гэж айлтгасанд бас ариун богд Дилова олон салаа мөчир бүхий, үр нь боловсорсон нэгэн модыг үзүүлээд “Ойлгов уу?” хэмээн асуухад цогт Нарова “Үр болох шавь цаг нь болбол номын үрээр бусдын хоёр тусыг зөнгөөр нь бүтээхийн дохионд ухаарлаа” хэмээн айлтгаж дохио бүгдийн ойлгоцыг айлтган хэлсэн ч дохиог ойлгосон ч гэлгүй, ойлгоогүй ч гэж айлдалгүйгээр Ариун богд Дилова нүүрэндээ мөшөөл тодруулаад боловсруулах мөрийн дохио тайлан таниулах энэ их дууллыг айлдав.
Сав төгс, хир үгүй сүр жавхаат сонс.
Увдисын цог мэтээр
Нисваанисын даавуу мэтийг шатаах бөгөөд
Өөрийн үндэс болор өндөг мэт ариун
Найман номны энэ насны зангилааг тайлж
Багш зэндмэнийн дээд эрдэнэ дор
Сүсэг бишрэл эрхтэн урвалтгүйгээр үз
Увдисын хир үгүй урсгал усыг уу
Усны сав олон нь нэг амт бөгөөд
Чойнжүн нь төрөлт үгүй мөн.
Номын лагшингийн дусал өөрт оршино.
Долоовор нь өөрөө мөнийг жишнэ.
Зангидсан могой өөрөө гэтлэх хорвоо бөгөөд
Хэлгий анхаарал онолыг өгүүлшгүй
Охь жимс хоёр тусын боловсорсон үр
Арван гурвын дохионы утгыг тайлсан тул
Чи бол дохио мэдэгч төрөлхтөн бөгөөд
Ханд дагинын нууцын орон
Нууц тарни зэндмэнэ эрдэнийн
Боловсроогүйг боловсруулагч эрх авшгийн
Боловсрох мөр сэтгэлийн толийг үз хэмээн зарлиглав...

...Амгалант таниулсан багш хийгээд
Гүнзгий утгын увдист шунаваас
Хүлэгдэх тул нисваанис мэт
Ерөндөг дор шуналтгүй үз хэмээн зарлиглахад цогт Нарова өчив:
-Тийн атхагийн амгалан номд хүсэлтэй атлаа нисваанист шунал төрөх аваас орчлонгоос үл тонилно. Ерөндөгт шунасан ч хүлэгдэх бөгөөд үзэгдэл ч хуурмаг хийгээд зүүд, илбэ мэт бариад шунасан ч мэдэгдэхүүний түйтгэр мөн буй тул сэтгэлдээ үйлдэшгүй чухам гүнзгий байна хэмээн ойлгосон бөлгөө...
...Тэгээд ерөнхий тойм увдисуудаа бүрэн гүйцээгээд цогт Нарова ариун богд Диловагийн өргөл хүндлэлд хичээн байх цагт багшийн нигуураас:
Суусаар байвал дүрсийг үзэхгүй сохор
Суусаар байвал дууг үл сонсох дүлий
Суусаар байвал утгыг үл ухах мулгуу
Суусаар байвал гүйцэшгүй хазгай
Суусаар байвал ёзоор батгүй мод
Суусаар байвал махамудрыг үл ононо хэмээн зарлигласанд цогт Нарова “Хүч нэмэхийн тулд явдлыг үйлд хэмээн зарлиглажээ” гэж таалалдаа болгоогоод:
-Тэгвэл би явдалд одсугай хэмээн айлтгасанд:
-Би-д барих зангилаанаас гэтлэхгүй бол явдал ч чухам ариун болж ирэхгүй бөгөөд ертөнцийн найман номыг бүтээх аргууд орчлон хийгээд муу заяаны үндэс болдог тул нирваан хийгээд хамгийг айлдагч болоход завсрын саад тотгор болдог шулмас болох үндсэн хийгээд гишүүн зэтгэрүүд нь бүдүүн, нарийн гэм уналд халдаагдах мөн тул эдгээрийг танин бариад зэтгэрийг арилгах хийгээд гэмийг тэвчин цээрлэх санаа, үйлд шамдал гаргахтун хэмээн зарлиглаад мөрийн барцад саадыг арилгах нийт увдисын даяар бүх зэтгэр арилгах ёсонг хайрлав...

...Нэгэн хаан бээр ариун богд Наровыг багшид барьсан ч бусдын ятгалганд автан алахыг завдсан үед цогт Нарова энэ дууллыг айлдав:
Ширүүн муу үгийн тэр мэс
Гайхамшигт хүлцлийг байгуулах нөхөр
Нэрвэлтгүй биеийн зангилаа бол
Гурван хорын зангилааг тайлах нөхөр
Зандангийн галын хүрд бол
Би-д барих модыг шатаах нөхөр
Хурц мэсэн хүрдэн бол
Хорвоогийн үргэлжлэлийг таслах нөхөр
Тавиглагч тахиулагч аа, цаазын алх бол
Би-д барихын толгойг нүдэх нөхөр
Хамаагүй бусдын амийг тасдагч
Гурван санвааруудтай үл харшлах бөгөөд
Гурван муу заяанд үл төрөөд
Нарова явдлын нөхөрт амгалан
Хүмүүн миний тааллыг авалгүйгээр
Сонсол, дуурслыг хайгчийн атаанд автаж
Нарова эцэг, эх биднийг галд шатаав, чи
Шатаавч шатдаг егүзэр биш
Уг, үрийн үйлийг үл хянамгайлан
Муу заяанд төрвөл хэрхэх билээ чи.
Эрдмийн нөхөрт одсон би амгалан хэмээн зарлиглав.
Тэгэхэд нь хаан тэргүүтэн гасланд нэрвэгдэж, зүүдэндээ газрын гав нээгдэж олон галавт тамын зовлон амсаж буй үзэгдэл ургах цагт хаан ийн санав:
-Тамд төрөх энэ үйл цогт Наровад хийсэн зохисгүй үйл хуралдсанаас гэмтсэн байна хэмээгээд хатуу гэмшлийг төрүүлсэнд түүний ташаа үзэгдэл арилав.
...Сонсохтун хаан, тавиглагч тахиулагсад аа!
Найман номын энэ насны зангилааг тайлж
Гурван хор хорвоогийн балчгийг хатааж
Мунхаг харанхуйн цэргийн чуулганыг няцааж
Гэмших сэтгэлийн билгүүн их галыг бадрааж
Наминчилгааг төрөлтгүйн агаарт үйлдэхтүн хэмээн зарлигласанд хаан, тавиг үйлдэгч нөхөр сэлт бээр хатуу гэмшлээр асар ариун наминчилгааг үйлдсэнд хамаг хилэнц нь үлдэлгүйгээр арилах үзэгдэл ургавай.



...Нэгэнтээ ариун богд Дилова баатар хандын чуулгадаар хүрээлүүлэн огторгуйн орон зайд залран энэ дууллыг зарлиглав:
Аяа хө, цогт Нарова минь
Лам дагинасын зөвшөөрөлгүй бөгөөд
Анхааран авлага, онол дэлгэрээгүй атлаа
Хүч гарган шуналаас гэтлэлгүйгээр
Явдлыг үл үйлд, Нарова минь хэмээн зарлиглав.
Цогт Нарова:
-Тэгвэл ахин бас номыг сонссоор байх уу? хэмээн айлтгасанд:
Сонсох ном давстай ус уух мэт
Шуналаас үл буцаана, Нарова минь хэмээн зарлигласанд:
-Тэгвэл их бандида мөний хувьд номлох хэрэгтэй юм болов уу? гээд “Номлох уу” хэмээн өчсөнд:
Утгагүй хоосон үгийг олшруулж
Утгыг онохгүй, Нарова минь хэмээн зарлигласанд:
-Тэгвэл бясалгах уу? хэмээн өчсөнд:
Хүч гаргаж өөрөө гэтлэх шуналд
Анхааран авлагыг бясалган үйлд, Нарова минь хэмээсэн.
-Тэгвэл явдлаа л чухам давтан үйлдсээр байх уу? хэмээн өчсөнд:
Барих, баримтлахын дайнаас хэтийдсэнд
Явдлыг үйлдэлтгүй, Нарова минь хэмээн зарлигласан.
-Тэгвэл ахуй ёсыг үзэх үү? хэмээн өчсөнд:
Оюунаас хэтийдсэн, сэтгэлдээ үйлдэлтгүй учир
Ахуй ёсыг үзэлтгүй, Нарова минь хэмээв.
-Тэгвэл гагц үрийг л бүтээхийг айлтгая хэмээн өчсөнд:
Горил, сэжиг хоёр лугаа ангижраад
Үрийг бүтээлтгүй, Нарова минь хэмээн зарлиглав.
Цогт Нарова таалалдаа ийн бодов “Тэгвэл юу ч үйлдэлтгүй юм байна, тийн атал би тэдгээрийг үйлдэхийг хүсэж буй минь л андуурсан хэрэг байна. Эндүүрлийн дэгсдүүллийг багшийн дэргэд ариутган шийдэх хэрэгтэй” гэснээ айлтгав:
Үзэгдэх дүрст энэ цогцосны
Төрөлт үгүй мөн чанар дор
Хэрэв байвал эдлэх нь зохист бөгөөд
Үгүй бол эдлэхийг хүсэх минь юу билээ.
Өөрийг ухаарах амгалан, тодорхой энэ ухаанд
Юу ч үгүй хоосон дор байгаа атал
Бүтвэл шунан хүсэх нь зохистой ч
Бүтэхгүй дор шунан хүсэх юу билээ.
Хоосон тод гэрэл сэтгэлийн энэ чанар
Дэгсдүүлэл, гүтгэлэг хоёроос ангид бөгөөд
Төрсөн ахул анхааран авах нь зохистой атал
Үгүй бол анхааран авах минь юу билээ
Зөнгөөр бүтсэн их амгаланд
Буян, хилэнц байвал
Жаргал, зовлон хоёрын
Үр нь боловсрох зохистой атал
Хамаг бүхэн тэгш мөн чанар дор
Буяныг эдэлж, хилэнцийг тэвчих минь юу билээ хэмээн өчсөнд ариун богд Дилова өчилтийнх нь хариуд дуулал айлдав.
Зарлиг сонсохтун, Наро их бандида
Шүтэн барилдаж гарсан энэ үзэгдлийг
Төрөөгүй ёсонд онохоос нааш
Хоёр чуулганы морин тэрэгний хүрднээс
Хагацаж болохгүй Нарова минь
Төрөлтгүйг заагч багшийн дэргэд
Цагаан улаан үзэгдлийг ургуулах хийгээд
Ухааныг шувуун онгоц мэт илгээ.
Хүслийн эрдмийг эдлэхтүн зэмшихтүн, Нарова минь.
Өөрийг ухаарч, өөрөө тодорсон энэ сэтгэлийг
Гэнэт гарсан үзэгдэл гэж онолгүй
Шунал бүхий мэдрэмжээр
Өөрийгөө хүлнэ, Нарова минь.
Уугуул эртнээс гадна, дотны юмс бүхэн
Төрөлт үгүй, сацралаас ангид атал
Амсан анхаарч, санан ухаарах гэнэтийн үйлдлээ
Худал гэж мэдвэл өөрийн дураар эдэлнэ.
Орчлонгийн өмнөд газар төрүүлэгч
Элдвээр барин баримтлагч энэ атхагийг
Онолын хурц илдээр
Юунд үзэгдэвч таслахтун, Нарова минь.
Дүрс, дуу тэргүүтэн хүслийн эрдэмд
Шуналыг хэрэв үүсгэх аваас
Будганд наалдсан ялаа адил тул
Шуналыг орхигтун, Нарова минь хэмээн зарлигласанд цогт Нарова бээр:
Гэм минь энэ хэмээвээс
Сарыг эрээнд атхаглах
Шунал минь будганд наалдсан ялаа
Хүсэл минь шүлсээр боогдсон хорхой
Гурван хор, орчлонгийн гүнзгий балчиг
Нэрвэлтгүй үйлийн бат зангилаа
Мунхаг харанхуйн хурмал цэрэг
Анхааран авлага яст мэлхийн үс мэт бутрах
Онол замхрах огторгуйн цэцэг
Балай сохор шуналыг хэрхэж таслах вэ? хэмээн айлтгасанд ариун богд Дилова шуналыг ийн орхихтун, өөрөө гэтлэх болно хэмээн зарлиглав.
Нууц тарнийн очир хөлгөний даяар бүх боловсруулан, гэтэлгэх увдисыг анхааран авснаар хоцроолгүй бүх мөрийг эцэст нь хүргээд үрийг илтэд болгосон ёсыг таниулж, шүүрдэн цэвэрлэх товч утгын увдисыг хайрлаад аман увдисын энэ дууллыг зарлигласан болой.
Сав төгс их бандида Нарова чи
Пүлахарийн аглаг хийдэд
Өгүүлшгүй тод гэрлийн огторгуйн төвд
Хослон орсон даль жигүүр төгссөнөөр
Егүүтгэл сэтгэлийн шувуухай болж ниснэ.
Эзэнд барих шуналыг орхиж
Хоёр үгүй билгүүний тэр хийдэд
Илбийн биеийн гурвалжин нүхэнд
Амгалан бүлээн, зандал, билгүүний галаар
Бие, хэл, сэтгэл гурвын эгэл авьяас
Бузар муу түлээг шатааж
Зүүдний авьяасын түлээг ариусган
Барин баримтлах атхагийн шуналыг орхиж
Өгүүлш үгүй аглаг хийдүү газар
Их амгалант махамудрагийн
Онолын хурц илд түүгээр
Зуурдын нүд шарлах өвчнийг таслан зогсоо.
Тачаал шуналын тэмдгийн шуналыг орхиж
Урвалтгүй галбар модны гуунд хүрч
Зэндмэнэ эрдэнийн шууд мөрийг зорчин
Өгүүлшгүй хэлгийд хэл оруулж
Би-д барих хорвоогийн үргэлж юуг тасдан
Эртнээс дассан танил эх, хүүг золгуул.
Ай хө, энэ нь өөрийг ухаарах билгүүн бөгөөд
Хэлний мөрөөс хэтийдсэн
Сэтгэлийн эдлэгдэхүүн бус.
Дилова би бээр юуг ч үзүүлшгүй
Өөрөө ухаарахыг өөрөө жишиж мэдтүгэй.
Санаж, бодож, сэтгэлгүй,
Бясалгаж бас эдлэлгүй хэвэнд нь орхи
Зоригдлыг сэтгэлдээ үйлдэхгүй бөгөөд
Тоосны төдий ч санамсар үгүй тул
Өөрөө гарч, өөрөө тодорсон сэтгэлийн чанарт
Би бээр юу ч үзүүлш үгүй хэмээн зарлигласанд цогт Нарова зүгээс тийн гэтэлсэн авир ёсны явдлыг эцэс туйлд нь хүргэсэн болой.
 Оруулсан: М. Үүрийнтуяа
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
altaa (зочин)

nud chavchilgui setgel tavin shimten shimten unshlaa. medleg hairlasan uuriintuyada bayarlala
gegeen nomin avshig uurd delgereh boltugai

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)