Бурханы шашин : Шүтээнүүд хийгээд тэдгээр нь чухам юуг илэрхийлдэг тухай

БУРХАНЫ ШАШНЫ ШҮТЭЭНИЙ ШИРЭЭ

Номын үйлийг үйлдэхэд зориулсан тусгай өрөө эсвэл зай гэрт тань байх тустай. Энэ нь мөргөлийн өрөө буюу бясалгалын байр болно. Дуганын буюу мөргөлийн өрөөнд шүтээний ширээ, бясалгалын олбог болон номоо залж унших ширээ байдаг. Бидний сэтгэлд урам зоригийг хайрлан номын үйлийг сануулж байдаг ариун шүтээний дүр зураг, судар номоо залсныг шүтээний ширээ гэдэг. Шүтээний зүгт хараад суухад залсан шүтээн нь толгойноос өндөрт байхаар байрлуулсан, цэвэр, хүндэтгэлтэй газар байх ёстой. Өрөө талбайгаа маш сайн цэвэрлэн, хүж арц уугиулаад шүтээний ширээгээ засах нь чухал. Мөргөлийн өрөөгөө өдөр бүр шүүрдэж арчин, цэвэр цэмцгэр байлгана. Өдөр болгон шүтээндээ тахил өргөх хэрэгтэй.

ШҮТЭЭНҮҮД ХИЙГЭЭД ТЭДГЭЭР НЬ ЧУХАМ ЮУГ ИЛЭРХИЙЛДЭГ ТУХАЙ

Ёсоор нь зассан бурханы ширээ нь гэгээрсэн лагшин, зарлиг, тааллын билэгдлийн утгыг агуулна. Уламжлалынхаа дагуу шүтээний ширээнд Бурхан багшийн дүр, судар ном хийгээд суврагыг залдаг. Дүрүүдийг байрлуулахдаа Бурхан багшийн дүрийг голд нь зална. Бусад дүрүүд шаардлагатай байгаа бол язгуурын багш, дамжлагын багш /ханьцашгүй дээд егүзэрийн ядамууд, явдлын тарнийн ядамууд, үйлийн тарнийн ядамууд/, дагинас, сахиуснууд гэсэн байрлалаар зална. Хийгдсэн материал болон урлагийн үнэ цэнээс шалтгаалан байрлуулж болохгүй. Олон дүр залахад анхаарал сарниулах тал байдгаас ихэвчлэн цөөн хэдэн дүр залсан нь дээр байдаг. Бурханы зарлигийг илэрхийлсэн судар ном нь заавал төвд, санскрит хэлээр бичигдсэн байх албагүй. Бурханы л ном байвал ямар ч хэл дээр байж болно. Уламжлалын дагуу гэгээрлийн суврагаар Бурханы тааллыг билэгдэн илэрхийлдэг бөгөөд өндөр үнэтэй, алт мөнгөөр хийгдсэн байх албагүй, сувраганы зураг, эсвэл шавар дүрс байсан ч болно. Шүтээний ширээ нь 3 болон түүнээс дээш давхрагатай бол дээд давхрагат судар номыг, дунд нь Бурханы дүрийг, доор нь суврагыг зална. Хэрэв нэг давхар бол судар ном, Бурхан, суврага гэсэн дарааллаар зална. Шүтээнүүд нь мөн аврал айлтгах гурван эрдэнийг билэгддэг. Судар ном нь ном эрдэнийн, Бурханы дүр нь хуврагийн чуулганы, суврага нь Бурхан эрдэнийн билэгдэл болдог. Зөвхөн Бурхан багшийн дүрийг залсан бол түүгээр мөн гурван эрдэнийг гурвууланг билэгдэж болно. Бусдын тусын тулд дуурайн дагах ёстой Бурхан, Бурханы гэгээрсэн эрдэмд сэтгэлээ чиглүүлэхийн тулд бурханы ширээндээ шүтээнүүдийг залдаг гэдгийг санах нь чухал юм. Бурханы гэгээрсэн таалал, гэгээрсэн зарлиг, гэгээрсэн лагшингийн бүх л эрдмийг өөртөө цогцлоохын тухайд шүтээний ширээг засдаг.

Оруулсан: М. Үүрийнтуяа

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)