Бурханы шашин : Тахилын тухай

Тахилын тухай

ТАХИЛУУД

Тахил өргөхийн өмнө гараа угаадаг. Тахил өргөх сэдлийг хамаг амьтны тусын тулд, тэднийг үтэр түргэн гэгээрэлд хүрээсэй гэсэн ерөөл тавин үүсгэнэ. Дараа нь 3 удаа мөргөл үйлдэнэ. Шүтээний ширээндээ өдөр бүр тахил өргөх хэрэгтэй. Тахилд юуг өргөх талаар хязгаар байхгүй, төрөл бүрийн тахил байдаг. Ерөнхийдөө сонсох, хүрэлцэх, харах, амтлах, үнэрлэх таван мэдрэхүйг баясгах зүйлсээр тахил өргөж болно.
Цэцэг, зул эсвэл лаа, арц хүжийг тахилын аяганд юм уу ширээн дээр өргөдөг. Шинэ, цэвэр, тааламжтай зүйлээр тахил өргөнө. Тахилын аяга таваг нь үргэлж дүүрэн дэлгэр харагдах ёстой. Том боловч дүүрээгүй аягаар тахил тавьснаас жижиг боловч овоолоостой аягаар тахил тавьсан нь дээр. Тахил нь үнэнч шударгаар олж авсан зүйлс байх ёстой. Зөвхөн өргөж буй тахилынхаа хэмжээгээр бус, огторгуй мэт хязгааргүй тахил өргөж байна, хэмээн төсөөлөх хэрэгтэй. Ариун орныхон, Идам тэнгэрүүд тахилыг чинь хүртэн баясаж байна хэмээн бодох нь маш чухал.


УСАН ТАХИЛ ӨРГӨХ

Төвдийн буддын шашны уламжлал дагуу бол долоо юм уу найман усан тахил өргөдөг нь рашаан, өлмий сэрүүцүүлэх ус, цэцэг, хүж, гэрэл, үнэртэн, идээ болон хөгжмийг илэрхийлдэг. Заримдаа хөгжмийг төлөөлөх усан тахил өргөдөггүй нь залбирал унших дуугаар болон тоглох хөгжмийн зэмсгээр илэрхийлдгээс юм. Усан тахилаа өргөж байхдаа бүх л мэдрэхүйг баясгах ариун рашаан байна гэж төсөөлнө. Аяга нь сайн материалаар хийгдсэн, том хэмжээтэй байх тусам сайн. Тахил өргөхийн өмнө хамаг амьтны тусын тулд хэмээх сэдлийг үүсгээд, 3 удаа мөргөнө. Цэвэр алчуураар аягыг 3 удаа нар зөв бие, хэл, сэтгэлээр үйлдсэн нүглийг ариусгахын тулд, 3 удаа нар буруу Бурханы лагшин, зарлиг, тааллын адистэдийг хүртэхийн тулд арчина. Тэгээд аяга бүрийг асаж байгаа арц юм уу хүжний утаагаар дүүргэн ариулахдаа хамаг амьтны билэг оюуныг гэгээрсэн билэг, нигүүлсэхүй хийгээд хүчин чадлаар дүүргэж байна хэмээн төсөөлнө. Тахилын ширээнд өргөхийн өмнө аяга бүрт бага зэрэг ус дусаана. Аяганд ус хийж байхдаа УМ А ХУМ хэмээн уншиж байна. Энэ уншлага нь алгасрах сэтгэл буяны үйлд тань саад тотгор учруулах, тахилыг бохирдуулахаас хамгаална. Зул, хүж, арц болон тахилуудыг өргөж байх үедээ энэ уншлагыг уншдаг. Тахилын аягуудыг нэг шугаманд ойрхон боловч шүргэлцүүлэлгүй тавина. Аягануудын хоорондох зай буудайн үрийн чинээ байна. Хоорондын зай нь хэт хол байвал багшаас салах үйлийн үрийг бүтээж байгааг илэрхийлдэг. Хэт ойр бол багштайгаа хэт ойр байснаас омгорхох сэтгэл үүсэх аюултай. УМ А ХУМ уншлагаа уншин гүцнээсээ аяганд усыг хийхдээ эхлээд буудайн үрийн хэлбэртэй дуслаар бага багаар эхэлж ихэсгэсээр дуусгана. Хаандаа цай аягалах шивэгчний адилаар нямбай, чимээ гаргалгүйгээр аягална. Аяганы дээд амсраас мөн буудайн үрийн чинээ зайтай дүүргэнэ. Хангалттай дүүрэн биш байвал билэг оюун дутах, хэт дүүрэн байвал билиг оюун тогтворгүй байна гэдэг. Тахил өргөж байхдаа өөрийн амьсгалыг оруулахгүйн тулд хадаг буюу амны халхавч хэрэглэх нь зүйтэй. Мөн цэцэг, хүж, арц, зул зэргийг усан тахилын хамтаар өргөж болно. Шүтээний ширээнд өргөх тахилд хэмжээ, хязгаар гэж үгүй.


ТАХИЛЫГ ӨРГӨХ

Алгаа хавсран, УМ А ХУМ хэмээн 3 удаа уншаад, бодийн сэтгэлийг үүсгэн, багшийн ариун сэтгэлийн илэрхийлэл болсон шүтээнүүд, бурхадын дүр, судар ном нь өргөл тахилыг хүртэн ихэд амирлангуй байна хэмээн төсөөлөн бодно. Бүх л буяны чуулган /ламын тахил/, бүх арван зүгийн бурхад, Бурханы ном, хуврагийн чуулган хийгээд арван зүгийн дүр, суврага, судар номууд өргөл тахилыг хүртлээ хэмээн бодно. Бүх ариун шүтээн нь багшийг төлөөлдөг тул тахилыг хүртээд багшийн сэтгэл ихэд амирлангуй байна хэмээн төсөөлнө.Тахил өргөснийхөө дараа хамаг амьтныг үтэр түргэн гэгээрэлд хүргэхэд хураасан буянаа зориулна.


ТАХИЛ ХУРААХ

Оройдоо тахилын аягаа нэг нэгээр нь хоослон хуурай цэвэр алчуураар арчин доош нь харуулан тавина. Тахилын ширээнд хоосон аягыг дээш нь харуулан тавьж болохгүй. Хураасан усаа зүгээр асгалгүй, цэцэг ногоогоо усалбал сайн. Өргөсөн идээ болон цэцгийг гадаа цэвэр газарт тавих хэрэгтэй. Мөн тахил өргөсөн жимс, идээ зэргээ тахилын ширээнээ хэдэн өдөр тавьж болох ба хураасныхаа дараа гадаа тавилгүйгээр өөрсдөө хүртэж болно.
 Оруулсан: М. Үүрийнтуяа 
start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
anaa (зочин)

Bayarlalaa setgel tatagddag ch gesen hajuud uchir oilguulah hungui blohoor iimerhuu nariin shiriiniig mdehgui bsan uym .

үнэг (зочин)

хэрэгтэй нийтлэл бичиж байдагт баярлалаа.

цээгий (зочин)

Уучлаарай хэрэгтэй зүйл оруулжээ. Гэхдээ тахилын тухай сэдвийн эх сурвалж нь юу юм бол эх сурвалжаа хэлбэл их тустай байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)