Бурханы шашин : Бурханы шашины тухай багш нарын үзэл бодол

Бурханы шашины тухай багш нарын үзэл бодол

Монгол улсын БСШУЯ, Төвдийн сангийн хамтарсан төслийн хүрээнд *Монголын Бурханы шашин - ариун нандин оюуны өв эрдэнэ* сэдвээр, дунд сургуулийн багш нарын дунд зарласан зохион бичлэгийн уралдаанд оролцогчдын материалаас түүвэрлэснийг та бүхэндээ хүргэе.
Б.Алигэрмаа. БЗД 44-рсургуулийн багш.
Яагаад бурханы шашин соёлын өв болж байсан юм бэ? Учир нь бурхны шашны сургааль нь хүнийг хүн болгох арга замыг тайлбарлан таниулсан гайхамшигтай бүтээл юм.
А.Байгалмаа. *Хүүхдийн хөгжлийн төсөл*-ийн багш.
Хүн гээч амьтан сэтгэл гэдэг зүйлээ жолоодоод сурчих хэрэгтэй гэж ээж минь дандаа ярьдаг байсан сан.Тэр сэтгэл гэдэг юм чинь бидний таван мэдрэхүйд минь баригдахгүй зөвхөн зургаа дахь мэдрэхүйгээрээ л мэдэрдэг.Бид аливаа буруу зүйл буюу алдаагаа өөрөөсөө эрээд сурчихвал бид хэн нэгэнтэй ам зөрөх,хэн нэгний талаар муугаар бодох зэрэг өөртөө тааламжгүй байх зэрэг сэтгэлийн сөрөг төлөвүүдийг өөртөө бий болгож чадахгүй юм. Гэтэл бид чинь юм л бол бусдыг буруутгаж,аливаа алдаа эндлээ бусдаас хайж байдаг улс шүү дээ. Ажлаасаа хоцорвол автобусны жолоочийг буруутгах,даргадаа зэмлүүлбэл хамт ажиллаж байсан хүнээсээ боллоо гэж өөрийгөө өмөөрөх ийм араншинтай бидний хүүхэд яг л бид нар шиг болно шүү дээ.
Т.Баядаа. ЧД-н *Сэтгэмж* цогцолбор сургуулийн багш.
Эртний байгал хамгаалах уламжлалт ёсны нэг нь уул усны эзэн лус савдгийг тахих заншил юм.Энэ нь шашны зан үйл төдийгүй ард түмний өргөн дэлгэр оролцож ирсэн төртёсны хүндэтгэл юм.Усны сав газрын модыг хөнддөггүй,лусын хорлол болж гол ус ширгэнэ. Булаг усанд бохир оруулбал лус хилэгнэнэ гэж үздэг байжээ.Ан агнахдаа үр төл, хээлтэй амьтныг агнадаггүй байсан. Байгал хамгаалах үзлээр ард түмнийг хүмүүжүүлж. байгал экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад шашины сургаалийн нөлөө их байлаа.
Н.Гандолгор. СХД-н 76-р сургуулийн багш.
.._Бид Бурханы шашин ариун нандин оюуны өв эрдэнэ уламжлалт соёлоо улам сэргээж,өөрийн хэл бичиг,соёлл түүх,ёс заншил шашин шүтлэгийн өвөрмөц нандин бүхнийг сэтгэлдээ шингээж түүгээрээ бахархдаг,бусдын соёл иргэншлийг хүндэтгэж,бас хүндлүүлэх ёс суртахууныг төлөвшүүлэх ёстой болж байна.Ер нь үндэсний уламжлал соёлын хувьд ялагдал хүлээсэн ард түмэн үндэсгүй өвстэй адил мөхөлд ойр байдгийг санаж явууштай юм.Үндэсний соёл болон оюуны доройтлын асуудлыг эдийн ядууралтай адил түвшинд авч үзээд,өөрчлөх арга замаа хайх хэрэгтэй болжээ.
Б.Даариймаа *Ур чадвар* Сургалтын төвийн багш.
Сэтгэлийн бурханлаг сайхан мөн чанарыг нээгч Будда тандаа сүслэн мөргөе.Энэ үгийг энэ мөчид олон мянган хүн сэтгэлээсээ хэлнэ гэдэгт итгэл төгс байна. Будда буюу Бурхан багш орчлонгийн амьтныг зовлонгоос гэтэлгэхийг үүргээ болгосон, хүн төрөлхтнийг буянт зам мөрд хөтлөгч,орчлонгийн мөн чанарыг бодитой таниулагч бөгөөд ертөнцийн эзэн ч биш. ертөнцийг бүтээгч ч биш, ертөнцийн хамаг амьтны амгалангийн төлөө зуун хувийн сургааль номоо айлдсан, бусдын төлөө өөрийн сэтгэл оюунаа зориулсан номын их багш билээ.
Б.Должинсүрэн Дархан-Уул *Эрдэм хөтөч* лицей 29 багш
Мянган бээрийн алсаас ч эрээд, сураад олдохгүй ариун нандин өв эрдэнэ бол гагцхүү хүмүүний бие,хэл,сэтгэл гурвын ариусал ажгуу.
Ц.Жандагмаа БГД *Гурван тамир* багш
Сэтгэлийг эрхэмлэдэг монголчууд бидний үзэл нь бурхан шашины сургаал номтойгоо яв цав тохирдог учраас уламжлалт соёлын өв их эрдэнийг өнөөгийн бидний сэргэг ухаан, хөгжил дэвшилтэй хослуулах юм бол маш их амжилтад хүрэх боломж харагдаж байна... Хүний явдал мөр их өөрчлөгдөж, бидний санааг зовоож байгаа нь мэдэхгүй, мэдэхгүй мунхгийн дээр шунахай бас омог хилэнтэй энэ гурван хорт сэтгэлийн гэмээс үүддэг болохыг ухаарч ойлгох цаг иржээ. Бид номын сургааль бялхсан ард түмэн учраас уламжлалт соёл ёс заншлаа дээдлэн сурч боловсроод зөв явдал зөв сэтгэлтэй иргэд болж биеэ засаад гэрээ гэрээ засаад төрөө засаж амьдрах учиртай болж байна.
Б.Лхагвасүрэн Орхон аймаг 14 багш
...Монголчууд бид Буддын шашныг эрт дээр үеэс өөрсдийн ахуй амьдрал,соёл,ёс заншилд тохируулан шүтэж,хөгжүүлж ирсэн нь бидний өвөг дээдэс сэтгэлийн далд мөн чанараа танихыг эрхэм болгосон ухааны бядтай ард түмэн болохыг гэрчилж байна.
Э.Насанжаргал УБ Гёте багш
Хэрэв зэ, та өөрийнхөө сэтгэлийн *дотоод мөн чанарыг* ухаарч ойлгохгүй бол түмэнтээ зул асааж, мянгантаа залбиран мөргөөд ч *сэтгэлийн амгалан*-г хэзээ ч олж авч чадахгүй билээ. Иймээс л Нагаржуна багштан *Хэрэв, та өөрийн сэтгэлийг ойлговол бүгдийг ойлгоно* хэмээн айлдсан буй за.
Э.Эрдэнэдалай Дорноговь Замын Үүд багш
*Гэрлийг би өөрөөсөө хайнам.
Гэмгүйхэн инээдэнд нулимс амтагднам.
Харанхуйгаас гэрлийг тод үзнэм.
Өөрийгөө эрэн таних минь-Бурханыг олох. гэж сэтгэнэм.*
Б.Оюунчимэг. Хөвсгөл Мөрөн *Дэлгэр мөрөн* багш.
...Бурхан багш *-Өөрөө өөртөө аврал мөн Өөрөө өөртөө дайсан мөн*
хэмээн сургасан нь хүн ухамсартай муянт үйлсээр өөрийгөө аварч чадна,харин ухамсаргүй нүгэлт үйлээр өөрийгөө сүйтгэнэ гэсэн үг билээ.Дотоод сэтгэлийн ертөнцдөө төдийлөн аз жаргалгүй мөртлөө гаднаа хангалуун жаргалтай амьдарч байгаа мэт дүр эсгэх,зөвхөн хэрэглээнийхээ чадамжаарөөрийгөө бусдад үнэлүүлэх гэсэн өнгө мөнгөний өнөөгийн нийгэмд хүний мөс чанар гээгдсээр л, үл гүйцэлдэх хэрэглээний төлөө, ус эрэх цангасан гөрөөс мэт хөөцөлдсөөр байдагтай адил буй за.
Ш.Рэгзэдмаа. Их хөлгөний уламжлал хадгалах төвийн багш.
Бусад шашинтай харьцуулахад Бурханы шашин, түүний сургааль нь хүний аж амьдралтай хамгийн ойр дотно мэтсанагдана. Ж нь Шашин үндэслэгчдийн дотроос гагцхүү Будда л /нийтээр заншсан нэр томьёо ёсоор түүнийг хэрэв шашин үндэслэгч хэмээн нэрлэх юм бол / өөрийгөө ариун явдалт эгэл хүнээс огтхон ч ялгаж үздэггүй цорын ганц багш юм. Харин бусад шашины номлогч нар болохоор өөрийгөө нэг бол тэнгэр бурхан мөн, эсхүл түүний аль нэг дүр хувилгаан буюб Эрхт тэнгэрээс шууд заяагдсан гэдэг.Будда бээр эгэл жирийн хүн мөнөөр үл барам өөрийгөө аливаа нэгэн Тэнгэр буюу гаднын ямар ч хүчин зүйлийн ивээлийн биелэл бус хэмээнэ.Тэрбээр өөрийн бүх бясалгал гэгээрэл олж хүрсэн бүхнээ чухамхүү хувь хүний чармайлт, хүний оюуны үр ач чухамдаа мөн хэмээн үздэг. Ер нь хүн, зөвхөн хүн л Бурхан /Будда/ болж чадна гэдэг. Түүнчлэн Бурханы шашны сургаалиуд нь хүнийг зөв явдалтай зөв сэтгэлтэй, энэрэн нигүүлсэнгүй, сайхан сэтгэлтэй нэгэн болгохын тухайд номлосон байдаг билээ. Тиймээс энэхүү Бурханы номыг найман настай балчраас эхлүүлэн наян настай буурал хүртэл өөрийн өдөр тутмын амьдралд дадуулах нь чухал юм аа. Тэр тусмаа хүн хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэсэн ардын зүйр цэцэн үгийг хүндлэн биширдэг Монголчууд бид Бурханы сургаалийг хүүхэд наснас нь сурган дадуулах нь, зөв үйл, зөв явдалтай, зөв иргэн болж төлөвшүүлэхэд хамгаас чухал нөлөөтэй хэмээн бодож байна.

Оруулсан: Д. Энхбаатар

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
хйог (зочин)

44 сайн байна

liang (зочин)

very nice
really wonder

john (зочин)

very very nice

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)