Бурханы шашин : Далай лам: Би хэтэрхий залуу байна

Далай лам: Би хэтэрхий залуу байна

…Энэ инээмсэглэл дэлхийн мянга мянган хүнд ухаарал, гэгээрэл, хайр энэрэл, итгэлийг хайрладаг билээ. “Амьдрал мөнгөн дээр тогтдоггүй. Ядуу хүн ч аз жаргалтай амьдарч болдог бөгөөд хэчнээн их мөнгөтэй байлаа ч худалдан авч болдоггүй зүйл гэж бий. Тэр бол сэтгэлийн амар амгалан. Амьдралыг утга төгөлдөр, энх амгалан болгох арга зам бол эв эе юм хэмээн Дээрхийн гэгээн XIV Далай лам нэгэнтээ айлдсан байдаг. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн “NDTV” телевизэд ярилцлага өгчээ.


-Таныг Түвдээс явснаас хойш тавь гаруй жил Дхарамсала орон гэр тань болж ирсэн?

-Түвдээс явсан эхний жилээ би Массурид өнгөрүүлж, дараагаар нь Дхарамсалад ирсэн юм. Орхигдсон, алслагдсан жижигхэн хот анх санагдаж билээ. Гэхдээ энэ бол дөнгөж ирсэн даруйд төрсөн сэтгэгдэл юм шүү. Амьдралынхаа нэлээд хугацааг энд өнгөрүүлсэн болохоор одоо дотно, дулаахан санагддаг. Байгаль, ард түмэн гээд бүх зүйл нь таалагддаг. Харин ганц сэтгэл зовоодог зүйл нь газар хөдлөлт. Энд ойр ойрхон газар хөдөлдөг юм л даа.

-Газар хөдлөлтөөс гадна танд таагүй, эвгүй мэдрэмж төрүүлдэг зүйл байдаг уу?

-Байлгүй яахав. Үнэнийг хэлэхэд олон цагаар онгоцонд нисэх үед сэтгэл минь тавгүйтэж, гарын алга хөлрөөд байдаг юм/инээв/.

-Бурханы номонд төгс итгэсэн та онгоцоор нисэхээс айдаг гэж үү? Ингэж айсан үедээ та ном уншин, залбирах уу?

-Энэ нь итгэл үнэмшлийн л асуудал. Хэрэв би онгоцыг газардуулахыг хүсч, түүндээ итгэн залбирах аваас энэ зүйл болж болно. Гэсэн ч миний итгэл үнэмшил өнөөдрийг хүртэл Түвдийг аварч чадахгүй л байна. /санаа алдав/.

-Та үүнд өөрийгөө буруутгах хэрэггүй. Учир нь Түвдийн эрх чөлөөний төлөөх тэмцэл дуусаагүй шүүдээ?

-Та зөв хэллээ. Бууж өгөх болоогүй.

-Таныг Түвдээс явсан өдрийн талаар олон хүн таниас лавлан асуудаг. Харин таныг тэр өдөр яг л цэрэг шиг гартаа зэвсэг барьж явсан гэдэг?

-Тийм ээ/инээв/. Амьдралдаа цорын ганц бөгөөд эцсийн удаа тэгэхэд хүйтэн зэвсэг гартаа барьж үзсэн. Алхам бүрт буу улам хүнд санагдаж байсан.

-Тулалдах гэж бус өөрийгөө хамгаалах гэж барьсан биз дээ?

-Харанхуй шөнө байсныг тод санаж байна. Би нүдний шилээ гээчихсэн байсан болохоор газар доорхийг харахгүй бүдчээд л… Хамгийн харамсалтай зүйл нь ойр дотны хүмүүс минь бүгд тэнд үлдсэн. Бид дахиж хэзээ ч уулзалдахгүй байх. Энэ л их гунигтай байна даа.

-Та амьтанд их хайртай юм. Олон муур тэжээж байгаа харагдана. Амьтан л зөвхөн хариу нэхэхгүй хайрыг бидэнд өгдөг гэж та нэг удаа хэлж байсан?

-Амьтад итгэдэг үгүйг би хэлж мэдэхгүй ч тэд хүний сайхан сэтгэлийг мэдэрч чаддаг. Бид амьтдыг хайрлан, хамгаалах хэрэгтэй. Жишээ нь шумуул гэхэд байгалийн хуулиар амьдрахын тулд хүний цус сордог. Хааяа би энэ хуулийг дагадаг шүү/ инээв/. Гэхдээ би дотоод сэтгэлдээ тайван байх үедээ л тэдэнд хазуулдаг. Хэдий энэ нь наргиантай сонсогдож байгаа боловч цаанаа гүн утга учиртай.

-Хүн, амьтан хоорондын байгалийн холбоос болон итгэл үнэмшлийн тухайд таны тайлбарласан нь үнэхээр гайхалтай санагдлаа. Чамайг алах гээд чиглээд ирсэн хүнээс өөрийгөө хамгаалахын тулд толгой руу нь бус хөл рүү нь буудаж болно гэж хэлсэн таны жишээ мөн үүнтэй адил гайхшрал төрүүлж байсан?

-Толгой руу нь буудах гэдэг аллагат тооцогдоно. Өөрөөр хэлбэл шууд үхэлд хүргэнэ шүү дээ. Харин өөрийгөө хамгаалахын эрхэнд гар юм уу хөл рүү нь буудаж амьд үлдэх боломжийг өгнө. Ер нь бол хүн руу буу шагайх нь огтхон ч хэрэггүй юм. Гэхдээ муу зүйлийн талаар одоо яримгүй байна. Муу санаа бодол газар авах тутам бусдыг зовоох болдог тул муу бүхнийг бусдаас биш өөрөөсөө хайж эхэлбэл өөрөө болон бусдыг амар амгалан болгоно.

-Сүүлийн жилүүдэд дэлхийд Буддын шашинтай болох “моод” дэлгэрчээ. Холливудын нэрт жүжигчин Ричард Гир, “Спайсгёлз” хамтлагийн дуучин Жерри Холлиуэл гээд олон алдартан итгэдэг болсон. Та үүнд баярлаж байна уу?

-Шашныг “моод” болгон дэлгэрүүлнэ гэдэг нь таалагдахгүй байна. Хүн зовлонд учирсан үедээ тусламж хайн итгэл үнэмшилтэй болдог. Бурханы номд итгэх үнэмшил нь тухайн хүний сэтгэлийг амар амгалан болгох эм гэж би хувьдаа боддог.

-Аливаа шашинд үхлийн тухай ойлголт томоохон байр суурийг эзэлдэг. Үхлийн дараа хүнийг диваажин, тамын аль нь хүлээж байна вэ? Та үхлийг хэрхэн ойлгодог вэ?

-Үхлээс ямар ч байдлаар зугтаж болохгүй тул би айдаггүй. Үхэл нь урагдаж, ноорсон хуучин хувцсаа тайлж байгаатай адил гэж би боддог. Тиймээс миний оюун бодол, сэтгэлийн бус энэ бие махбодийн төгсгөл юм. Буддын шашны ихэнх лам нар бясалгaл хийх үеэр сүнс нь энэ бие махбодио орхин гарч, өөрөөр хэлбэл үхлийг мэдэрч чаддаг. Хэдэн арван жил ийм байдалтай байж, бие махбодио хөгшрүүлэн, устаж үгүй болгодоггүй. Бие цогцсоо 70 жил хадгалж буй Буриадын лам үүний бодит жишээ.

-Та өөрөө ингэж чадах уу?

-Би ч бас түр хугацаанд ингэж амьсгалаа зогсоож чадна. Гэхдээ одоогоор надад ингэх шаардлага байхгүй. Би хэтэрхий залуу байна/инээв/.

-Эцэст нь аз жаргал гэж таныхаар юуг хэлэх вэ?

-Өнгөрснөө эргэн дурсах, ирээдүйгээ баяртайгаар угтах амьдрал надад байгаа нь аз жаргал гэж би хэлнэ.

Э.Оджаргал
start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Xe Xe (зочин)

Bi neg udaa neg khunees khamgiin az jargaltai khun gej kheniig boddog we gej asuult asuuj baisan yum. Tegsen ter khun Dalai Lam baikh gej khariulj baisan. Iim ikh zowlon tuulchaad iim saikhan ineegeed l baij baidag mundag khun shuu. Tsuwuun tsagaa gej lam khuniig khurtel gart n buu shiidem bariulj baikh yum da.

Xe Xe (зочин)

5-r Bogd Jibuzandamba khutagtiin uyiin tsuwuun tsagiin boshgiin talaar bichleg oruulj uguuch. Bolok uu? Tegwel ikh olon khund buyan bolokh bolow uu. Bas Shanbaliin oron, Ireedui tsagiin Maidar burkhanii talaar bichleg oruulj ugch bolokh uu?

bazarragchaa

XeXe.d Shambaliin oron, Maidar 2.n tuhai tm chuhal heregtei bgaa yum uu? esvel tegj ih sonirhloiig chini tatad bn uu

zochin (зочин)

Haaya bi Dalai lam-iin nomiin havtsan deerhi zurgiig udaanaar harj suudag yum. Daraa ni zuirlebel aav deeree ochij bayarluulchihaad harij yavaa yum shig setgel hungorson saihan medremj turdog

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)